ХҮН ТӨРӨЛХТӨН (#10697)

Миний шүтэж, гайхан биширдэг Бурхан минь!  Таны эв нэгдэл ба нэг нэгдмэл чанарыг би гэрчилж, Таны өнгөрсөн ба өнөө үед илэрхийлсэн буян хишгийг хүлээн зөвшөөрнөм.  Та Хамгаас Гоо жавхлант билээ.  Таны барагдашгүй хайр энэрлийн хур бороо дээд, доод гэж ялгалгүй хүн бүхнийг ундаалж, Таны гайхамшигт буян хишгийг, дуулгавартай, дуулгаваргүй гэж ялгалгүй хүн бүхэн адилхан хүртэж ирлээ.
	Энэрэл өршөөлийн Бурхан Таны үүд хаалганы өмнө энэрэл өршөөлийн мөн чанар өөрөө сөгдөн мэхийсэн байна. Таны Үйл хэргийн ариун дагшин орд харшийг тойрон хайр халамжийн сүнс сүлд эргэлдэж байгаа билээ.  Ахуйн ертөнцийн илэрхийлэл болсон бүхэнд энэрэл нигүүлслээ хайрлаж, тэдэнд Өөрийн энэ өдрүүдэд Өөрийн гоо жавхлангийн ундралаас бүү татгалзаач гэж Таны өнө эртний гоо жавхланд сөгдөн Таны ивээл хишгийг эрэлхийлэн бид хичээнгүйлэн гуйнам. 
	Хамаг амьтан ядуу дорой, чадалгүй билээ.  Үнэнхүү Та бол Бүхнийг Эзэгнэгч, Хамгийг Номхотгогч, Хамгаас хүчтэй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮН ТӨРӨЛХТӨН (#10698)

Энэрэлт Бурхан минь!  Та хүн төрөлхтнийг нэгэн ургаас бүтээсэн билээ.  Хамаг амьтан нэгэн өрх гэрт багтах ёстой хэмээн Та айлдан соёрхсон билээ.  Таны Ариун Биеийн өмнө тэд бүгд Таны зарц нар бөгөөд хүн төрөлхтөн Таны Асар дор хорогдож байгаа билээ.  Таны Буян хишгийн тансаг ширээнд хамаг амьтан хуран цугларч, Таны Зөн билгийн гэрлээр хамаг амьтан гэрэлтэн гийж байна. 
Бурхан минь!  Та хамаг амьтанд эелдэг хайраар ханддаг билээ.  Та хамаг амьтныг тэтгэдэг, тэдэнд орогнол олгож, тэдэнд амь амьдрал хайрладаг билээ.  Бас хүн бүрт авъяас чадвар хайрласан.  Хамаг амьтан Таны Нигүүлсэнгүй сэтгэлийн Далайд умбан байна.
Энэрэлт Эзэн минь!  Хамаг амьтныг нэгтгэ!  Бүх шашин өөр хоорондоо зөвлөлдөж нэгдтүгэй.  Улс үндэстнийг нэг нэгдмэл болгож хайрлана уу.  Үүний ачаар тэд өөрсдийгөө нэгэн гэр бүл, газар дэлхийг нэгэн гэр орон хэмээн ойлгох болно.  Хамаг амьтан эгнэгт эв найртай хамтран аж төрөх болтугай.
Бурхан минь!  Нэг нэгдмэл хүн төрөлхтний тугийг өндөрт өргөтүгэй.
Бурхан минь!  Агуу их Амгаланг тогтоотугай.
Бурхан минь!  Хамаг амьтны зүрх сэтгэлийг нэгтгэн гагнатугай. 
Энэрэлт Эцэг Бурхан минь!  Өөрийн хайр ивээлээр бидний сэтгэл санааг баясгаж хайрлана уу.  Өөрийн Удирдамжийн Гэрлээр бидний мэлмийг гийгүүлж хайрлана уу.  Өөрийн тансаг Үгийн аялгуугаар бидний сонорыг баясгаж хайрлана уу.  Өөрийн Зөн билгийн бат Цайзанд хорогдуул.
Та бол Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй билээ.  Та Хамгийг Өршөөгч билээ.  Та хүн төрөлхтний алдаа дутагдлыг өршөөгч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮН ТӨРӨЛХТӨН (#10699)

Энэрэлт Бурхан минь, хамгаас өгөөмөр, чадварлаг Та минь!  Бид Таны зөн билгийн сүүдэр дор орогнож буй Таны шадар зарц нар билээ.  Өөрийн энэрэлт мэлмийн харцыг бидэн дээр тусгаж хайрлана уу.  Бидний мэлмийд гэрэл тусгаж, бидэнд сонсох чих, ухааран тунгаах, хайрлан энэрэх зүрх сэтгэл хайрлаач.  Өөрийн баярт мэдээгээр  бидний сэтгэл санааг баясгаж хайрлаач.  Эзэн тэнгэр минь!  Биднийг Өөрийн хаант улсын замналд чиглүүлж, Ариун Сүнсний амьсгалаар биднийг сэхээн амьдруулж соёрхоно уу.  Бидэнд мөнхийн амьдрал, хэзээ ч дуусашгүй алдар гавъяаг хүртээнэ үү.  Хүн төрөлхтөнийг нэгтгэж, орчлон ертөнцийг гийгүүлнэ үү.  Бид Таны замналаар замнаж, Таны хүсэл тааллыг хүсэмжилж, Таны хаант улсын нууцсыг нээхийг эрэлхийлэн хүсэх болтугай.  Бурхан  минь!  Биднийг нэгтгэж, бидний зүрх сэтгэлийг Өөрийн уусашгүй холбоогоор холбож өгнө үү.  Үнэнхүү Та бол Өгөөмөр өглөгч, Нинжин сэтгэлтэн бөгөөд Та Бүхнээс хүчит билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

